СЭТГЭЛД ДОТНО ШИНЭХЭЭН НУТГААР

АЛСЫН ТӨРӨЛ САДАНГУУДААРАА АЙЛЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн нийслэл Хайлаар хотыг зорихоор аялалын төлөвлөгөө зохиож байснаас хойш хориод хоног хэдийн өнгөрчээ. Очлоо, Үзлээ, Буцлаа л болов. Эрээн, Хайлаар, Манжуур, Улаан-Үд ороод ирэх өнөө цагт сонин биш жижиг тугалын бэлчээр болсон хэдий ч замын зарим тэмдэглэлээ шинэ дээр нь сийрүүлж дэлгэхээр буулгаж сууна. Ингээд явах унаа хайсанаасаа эхлэе.

Хайлаар Манжуурын чиглэлд зорчдог тохилог том автобустай жуулчны маршрут боломжийн үнэтэй юм, гэхдээ бууж суух, идэж уух, үзэх харах нь тогтсон хязгаартай буцаад явах цаг нартай “хүний эрхэнд” болохоор орхив. Улаанбаатараас хоёрхон цаг гаран агаараар сүнгэнээд Хайлаарт газарддаг шууд нислэгт сул суудал бэлэн байвч Хүннү Айр компанийн Чойбалсан хүртэл очих буцах билетийн үнэ энэ удаа элдэв хямдрал байхгүй арай л чангадаад Чойбалсанд очоод Хайлаар нисчих ханшыг бол яаж ийгээд дийлмээр байсан ч Архашаатын боомтоор гарч Алтан Эмээлээр дайрах сонирхолтой аялалаа алгасах тул сонголт хот хооронд зорчдог автобус дээр туналаа.

ДОРНОД ОРОХ ЗАМД

Баянзүрхийн товчоо руу залгаад билетийн үнэ, хуваарь, ямар загварын хэдэн суудалтай автобус явахыг лавлатал урдаас – Юун маягтай юм бэ, ирээд үзээрэй гэх нь тэр. Ням гаригийн өглөө эрт Дорнодыг зорих автобус тав тух гэж тааруухан эд таарваа. Харин буцахдаа суусан автобусны дотоод тохижилт цэвэрхэн тун давгүй байсныг марталгүй эртхэн дурдая. Үүдэн дээр билет шалгаад угтсан хоёр жолооч том оворын ачааг ямарч баримт вирк өгөлгүй шүүрч аваад хажуугийн тээшний аль нэг сав руу чулуудах нь холгүй шидэх юм. Хөгшид хүүхэд эмэгтэйчүүд бол яг хаашаа яаж хийснийг харж амжилгүй жолооч руу итгэлийн харц илгээгээд орж суудлаа эзлэнэ. Миний ээлж ирэхэд бэлэг сэлтээр дүүргэсэн чемоданаа өгөхийн хамт хардлага дагуулж
– Ачаа хүлээж авсан баримт гэж байдаггүй юм уу, замд хүн аваад буучихвал яах вэ?
– Бүгдээрээ Дорнод орох улсаа, буунгуут нь харуулж эзэнд нь таниулаад өгдөг юм…
Дорнод хүрээд шөнийн түнэр харанхуйгаар автобусны араас багсрах бөөн утаа тортог энд тэндээс дайрах замбараагүй шахцалдаан дунд гаргаж шидлэнгээ зорчигчдын ачааг хэрхэн “таниулж” өгөхийг нүдээрээ үзсээн. Бас буцаад ирэхэд автобусны хаалганаас амдан тосдог таксиныхан дунд бүлэг хулгайч шургалаад хүний ачаа аваад арилсан байна, ойрд ийм юм гараагүй гайгүй байснаа өнөөдөр дуулдлаа хэмээн авсан таксины жолооч маань халаглаж байсан.

IMG_0087
Жолоочийн тавьсан киног хүүхэд хөгшидгүй хамт үзэж явав.

Аялалын сонин гэснээ ачааны тухай эхлээд нуршиж гарсан нь хот хоорондын тээврийн үйлчилгээ сэтгэлд хүрээгүйг шүүмжлээд байгаа санаатай. Зам зуурт үзүүлж байгаа видео, клип, дуу хуур жолоочийн эрх мэдлийнх бололтой хүүхэд хөгшидийн нүдэн дээр хүчирхийлэл самуун аястай кино, зугаа цэнгээн хошин шогтой холиод эрээлжлүүлж харагдсан. Үзүүлэх юм мундсан биш олны сонирхол татах олигтойхон сонголт хийхгүй.

ХОТ ХООРОНДЫН ЗОГСООЛД ХОЙШЛУУЛАЛГҮЙ ХИЙМЭЭР НЭГ ЮМ

Цэнхэрмандал суман дээр эгнэсэн олон гуанз байна. Халуун цай хоол элбэг хүрэлцээтэй, цэвэр цэмцгэр тав тух бэлэн зэлэн. Асуувал хотоос гарахдаа зорчигчдын тоо болоод очих цагаа утсаар урьдчилаад мэддэгддэг юм байна. Манайхан олох авах юман дээр овсгоо самбаатай шаламгай гаргуун. Зам зуурт таарсан хоолны үйлчилгээ ирж очиход ижил жигд сайн байсан. Бизнес хийж байгаа болохоор амт чанараар өрсөлдөөн үүсч зорчигчдыг татаж чадаж байнаа. Харин явдлын улсад хэцүүхэн тусдаг хаа ч очсон огт шийдээгүй орхигдсон асуудал бол бие засах газар. Нийтийн жорлон гэхээр нил үнэр танар ханхалсан, хүүхэд хөгшид халтирч унамаар хөлдүү хүйтэн, хааш яаш хашлага сараалжтай хэцүү юм угтана. Загвар сайтай ганган хоолон гэрийн ард яая даа гэмээр яйжгар ганц жорлон олдвол их юм. Эрэгтэй эмэгтэй зааг ялгаа тэмдэг, гэрэлтүүлэг чийдэн, хаалга түгжээ байхгүй. Аргагүйн эрхэнд ороод гарахад арчих цаас, гар угаах ус саван бол санасаны гарз.

IMG_0083
Энэ гоёмсог гуанзнуудын ард хаалга үүдгүй ганц жорлон навсайж байгаа

Хээр хааяа зогсох үед хорь гаруй зорчигч яаран бууж хэдэн тийшээ тарж бутраад хонхор дов чулуу бараадан хаа тааралдсан газартаа суугаа босоо уралдан морь харцгаана. Яагаад энэ асуудлыг өдий хүртэл янзлаж шийдэж чадахгүй хүсэхгүй байна вэ. Хуучин ямар байсан бараг л хэвээрээ. Хоёр жилийн өмнө хотоос баруун тйиш гараад явах замд дөрвөн шон босгоод тойруулж сэмэрхий таар шуудайгаар бүрсэн “эртний” хийц нэг бишийг харж билээ. Чадалгүй чадахгүйдээ биш хэрэглээний хэвшил дэвшил соёл дутаад байх шиг. Наандаж үйлчлүүлж байгаа хүн ард, бохирдуулж байгаа байгал орчиноо бодох цаашлаад улсаа хөгжүүлж өөд нь татах олон ажлын нэг энэ баймаар. Америкт Рестариа буюу Замын зогсоол үнэ төлбөргүй, машин байрлах заасан тэмдэгтэй, амрах, хооллох, бие засах, ус шүршүүрт орох боломжтой замын хүнд хэрэгтэй нөхцөлийг хангасан байдаг. Тухайн муж дүүрэг гарах зардлыг бүрэн дааж үйлчилгээ нь доголдвол гомдлын дагуу засуулж торгодог мөрддөг тогтсон хуультай.

Манайд болохоор хэрхэн шийдэх хэн хариуцах нь ч тодорхойгүй. Хянаж шаардах засаж чиглүүлэх үүрэгтэй яам тамгынхан, орон нутгийн эрх мэдэлтэнгүүд хөдөө гадаа хөлөглөдөг унаагаа хүссэн газараа зогсоож хүнд хөнгөнөө суллаад анзаарч тоодоггүй юм гэхэд зочин гийчин дагуулаад давхих зуур цаадуул нь асууж сураглахын цагт аргагүй нэг мэдэрдэг л байлтай. Юуны түрүүн хот хоорондын бүх чиглэлд зогсоол бүрийг нэгдсэн стандартын бие засах газартай болгох тендер зарлаад хөрөнгө төсөв урамшуулал, дагалдах үйлчилгээ, хариуцах эзэн, дурэм журамыг нь батлаж шийдээд өгчихвөл барьж босгоод аяндаа хэвшиж таарна. Тохилог зогсоолд тавтай үйлчлүүлж саатахаас дургүйцэх хэн байхав, мэддэг чаддаг нь анхааралдаа аваасай.

IMG_0084

Зүүн чиглэлд явдаг микро автобус, жижиг тэрэг хүрэх газартаа арай хурдан очдог сайн талтай ч зарим зорчигчийн яриагаар бол том автобус 1-рт баталгаатай, ая тухтай, 2-рт амь даатгалтай, 3-рт замд эвдрэл гэмтэл гарвал дугуй сэлбэг нь бэлэн гээд олон давуу талтай гэнэ. Манай автобус запас дугуй нь бэлэн зэлэн явдаг “давуу” талаа замдаа нэг үзүүлж байж хүрсэн. Зам ч харин зарим газартаа хэцүүхэн болсон байна билээ. Олон жил яваагүй болохоор харьцуулж юу хэлэхэв. Хэнтийн төв дээр сааталгүй Өндөрхаан хотын өмнүүр гарсан тул их хааныхаа нэрийг шинээр авсан аймгийн төв маань ямархуу болсныг ажиглан анзаарах боломж олдсонгүй. Дорнодоос наана эртний түүхт Хэрлэнбарс хотын цамхагт гэгээтэйд хүрч түр зогсвол тойрч хэдэн зураг дарах бодолтой явсан ч Хөлөнбуйраас гараад “Насны зам” нэртэй компанийн 5 жилд тавьсан гэх эвдрэл хагарал ихтэй нарийн засмалаар сажилан нэг хэсэг зүүрмэглэх зуур аль хэдийн ард өнгөрсөн байв. Хэрлэнбарс хотын туурин дээр босоо үлдсэн харуулын ганц цамхагийг энэ жилдээ хятадын хөрөнгө оруулалтаар засч сэлбэх тухай мэдээлэл харагдаж байсан одоо хуучин хэвээрээ байгаа бололтой.

ЧОЙБАЛСАН ХОТОД

Үдшийн бүрийд алсаас Чойбалсан хотын анивчих гэрэл тодорсоор хүрч буухад шөнө дөл болов. Улаанбаатарыг бодход утаа униар багатай, хотын төв гудамж хэсэг газар гэрэлтдэг хиймэл ногоон модон чимэглэл асааж өвөрмөц үзэмж нэмжээ.

IMG_0096

Ачаагаа чихцэлдэн түрэх олны дундаас арайхийн “таньж” аван ойрхон байсан Чадангууд нэртэй 3 давхар зочид буудалд хоноглохоор орлоо. Орой дээвэр нь буриад малгайн хэлбэр загвартай тус буудал үүдэн дээрээ өв соёлын үзмэрүүд дэлгэсэн дажгүй газар байна.

Буриад ястаны өв соёл, эд өлгийн зүйлээр чимсэн үүдний танхимд хуучин ходоог тэрэгнээс авхуулаад сонирхмоор чамгүй олон үзмэр байсан.

Бөх гэгчийн унтаж амарчихаад өглөө аажуухан босч үүднээс таксидан зах хүргүүлэх замдаа хотын байдлыг олон жилийн өмнө өөрт үлдсэн хуучин бүдэг төрхтэй харьцуулан харсхийж явлаа. Орон сууцны шинэ хороолол, Хэрлэн голын хойд биеэр баригдсан хувийн хауснууд, загвар үзэмжтэй зочид буудал, хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн талбай, спортын ордон, бөхийн өргөө гээд нүдэнд тусахаар шинэ байшин байгууламж олон болжээ, мэдээж бодит байдал дотороо төсөөлж багцаалж ирсэнтэй зөрөлгүй яахав. Өвөлдөө ажил нь зогссон барилгын том жижиг төмөр хийц энд тэндгүй сарайж сэрийгээд энэ салбар уналтын байдалд шилжсэнийг илтгэх хаа сайгүй харагддаг болсон танил төрх. Жолооч хижээл эр асуусан байр байшин хэний хөрөнгө эзэмшил болохыг андахгүй юм.

– Гаднах өнгө нь нилээн халцарсан энэ шинэвтэр байшингууд орон сууц уу?
– Аймгийн иргэдийн хурлын дарга байсан Болдбаатарын барилгууд. Аан за.
– Энд үзвэр үйлчилгээний газар бололтой, дажгүй хэлбэртэй байшин босч…
– Наадах чинь нөгөө бие даагч Болорчулуун гишүүний нэг дүүгийнх нь сүлжээ дэлгүүр, гишүүний гурилын үйлдвэр манайдаа одоо гайгүй яваа газрын нэг дээ.
– Үүдэндээ зогсоол тохижилт сайтай энэ ганган гялгар барилга зочид буудал уу?
– Арьс нэхийний наймаа хийдэг байсан нэг залуу овоо бондойгоод саяхан хятадуудаар бариулсан юм…

Хивсний комбинат тэр чигээрээ Номинд шилжээд худалдааны төв болсон гэнэ. Хуучирч элэгдээд зангуугаа хаян зогсоолд бүртийх аварга усан онгоц шиг сүр бараатай энэ том газарт одоо үйлдвэрлэл байхгүй зөвхөн худалдааны лангуу түрээс гэхээр чамлалттай санагдана. Цагтаа дорнодын хивсний үйлдвэрийн бренд бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч байсан үе бий байхаа гэсэн чинь – Хээцэс, өнгөн дээрээ хөгжиж байгаа харагдавч хүнд хөнгөн үйлдвэрлэлтэй хүчтэй эдийн засагтай зүүн бүсийн зангилаа байсан тэр цаг засаг ээлжлээд барьсан элдэв муусайн юмнуудаас болоод өнгөрсөөн хэмээн таксины жолооч урдаас хатуухан улстөржив. Мэдээж танигдахаа больтлоо тэлж шинээр бүтээн босгосон хотын хэсэг дүүрэгтэй зэрэгцээд захын хорооллын зарим нэг хашаа хороо бараг хуучин мэдэх янзандаа байх ч таарлаа. Аймгийн төв дээрээ үзсэн харсан нутагтаа ирсэн тэмдэглэлээ дараа тусд нь гаргах санаатай болохоор ингэсгээд зогсоё. Чойбалсан хотын төвд суугаа насан өндөр авга ах эгч нарынхаа амар мэндийг асуун золгох, бусад садан төрөл, ангийн анд, багын найз нөхөдтэйгээ уулзахаа эргэж ирээд яаралгүй амжуулсан нь дээр тул зах дээр цайны газар ажиллуулдаг үеэл дүүдээ зарим ачаагаа үлдээн хөнгөрч өнөөдөртөө багтан хил гарахаар шийдэв.

ХАВИРГЫН БООМТООР ГАРЧ АЛТАН ЭМЭЭЛ ХҮРЭХ ЗАМД

IMG_0106

Хавирга буюу Архашаатын хилийн боомтоор гарч Алтан Эмээл, Орос Хятадын хил дээрх Манжуур хот хүртэл аялах Стана (Istana) маркийн микронууд Чойбалсангийн зах дээр эгнээд зогсчихсон жолооч дагуулууд нь авч явах хүнээ ангуучлан ээрсээр угтав. Манжуур хүртэл 30.000 төг наана Алтан Эмээлд буувал 25.000 төгрөгөөр хүргэдэг юм байна. Ажлын таван өдөрт байнгын ажиллагаатай болсон хилийн энэ боомтоор өдөртөө хэдэн зуун хүн нааш цааш гарч ирж очин арилжаа наймаа эрхэлнэ. Хил даваад 80 гаруй км давхиад хүрдэг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны төв Алтан Эмээл гэж бий. Одоо Эрээний жишигээр монгол руу ачаа бараа дамжуулан нийлүүлэх том төв, шинэ сунагар урт сэргэр өндөр орон сууцны хороололууд зэрэгцэн сүндэрлэсэн газар болсон гэнэ. Ерээд оны дундуур нэг удаа очиход намхан тагзтай навсгар шавар байшингууд эгнэсэн зээлийн хэдэн гудамжтай жижиг гацаа байсан санагдана.

Хайлаар хүртэл манай машинууд явах эрхгүй тул хилээр гарч Алтан Эмээлд буун унаа сэлгэхээр болж нэг микроны жолоочийн хажууд “даргын” суудалд тухлав. Ард суусан залуухан гэр бүлийн хоёр дээр хорь гучаад насны гурван хархүү нэмэгдэн зам нийллээ. Микроны хамгийн арын хэдэн суудлыг авч зайчлан ачааны зориулалттай болгоод “монголчилжээ”. Явдал дундаа ярилцсаар бүгд Балбарынхан “Дашбалбар сум” болохыг мэдэж яриа өрнүүлэхэд гурав нь арилжаа наймаа ч биш ажил хийх зорилготой яваа юм байна. Дорнодын залуус Хөлөнбуйрын барга буриад айлуудаар очиж туслах малчин хийдэг урсгал гараад удаж байгаа гэнэ. Солонгос энэ тэр явна гэхээс хамаагүй амар, авах олох хөлс нь ч муугүй, доод тал нь сардаа 2000 юань бэлнээр. Дээр нь байр хоол идэж уух, эдлэж хэрэглэх татах тамхи гээд ойр зуурын бүх хэрэгцээ цаанаасаа бүрэн даагдаад шүү дээ гэх.

IMG_0112

Ард яваа гэр бүлийн хоёр өмнө нь шинэхээний буриад малчин айлд бүтэн жил зүтгэж цуглуулсан мөнгөөрөө сумандаа хүнс барааны лангуу нээчихсэн одоо бараагаа татаж яваа аж. Зуу гаруй үхэрийг арчилж маллан өглөө оройдоо хашаа хороогоо цэвэрлэх гээд оногдсон ажлаа тогтсон цагтаа хийчихээд тусдаа тохитой дулаан байранд хэрэгтэй хоол хүнсээ захиж татуулсан шиг өөрсдийн тааваар ажиллаж овоо хуримтлалтай иржээ. Сардаа бэлэн 5000 юань орчмыг цаашаа хийнэ гэхээр дажгүй биз. Мал төллөх үеэр шөнө өдөргүй эргэж тойроод их завгүй болдог, зундаа сүү саальд дарагдах нь гайгүй болсон, ашгүй улс нь сүү цагаа хувь хүнээс авахаа болиод өөрсдийн сүү цагааны хэрэгцээг хангаад л үлдсэнийг нь тугалдаа тушаана бусдаар бол гайгүй, саад бэрхшээл гэвэл Хавиргаар хилийн дээс алхан “шон тойрч” визээ сунгуулах болдог нэг юм бий, учир нь манайхан Хятад улсад зорчих эрх нэг сар, Хавиргын боомт дээрээ хонох эсвэл ихэнхдээ гарсан өдөртөө буцаж орж ирхээр дахин нэг сар байх эрх нээгдэнэ. Хоёр улсын гэрээ хэлцэл, хил залгаа орон нутгийн холбогдох байгууллагын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй ч хэл соёл, зан заншил нэгтэй ахуй амьдрал ойролцоо монгол ахан дүүсийн дунд ирж очдог ийм нэг зам нээгдэн үйлчилж зуучилдаг сүлжээ ч үүсч эрхэлдэг эзэдтэй болсон бололтой.

Арын хэдээс гурав нь ажил олж хийх зорилготой яваа бол Сэргэлэн сумаас гаралтай жолооч хүү саяханаас хүний тэргээр хөлсний тээвэр хийж байна, долоо хоногтоо амжвал Алтан эмээл рүү гурван удаа гарчихна, микрогийн түрээс, бензин зардал гээд хасагдсаар олигтой их олохгүй ч огт хоосонгүй гэсэн нь орлогын эх үүсвэр ганц хүн зөөвөр ч биш бололтой. Олон жил яваад гаршсан хаширууд бол Орос Хятадын хил дээрх Манжуур хот хүртэл үйлчлээд хоёр талдаа олсон мөнгөөрөө захиастай элдэв бараа татаж нийлүүлж үржүүлээд байдаг ажээ. Хавирга руу байнгын гүйдэлтэй хориод Стана микро нааш цааш зөрөлддөг юм байна. Бие биенээ андахгүй хоорондоо холбогдох харилцах дотоод сүлжээнээс эхлээд бас ч давгүй зохион байгуулалттай.

IMG_0110

Чойбалсангаас үдийн үед гарч ганц нэг айлын бараа адуу мал үзэгдэх зэлүүд талаар давхисаар Хавиргын боомт дээр ирлээ. Энэ жил дорнод нутаг маань цас багатай бэлчээр армаг тармагдуу харагдана. Боомтын наана зэргэлдээ буусан дөрвөн хоолны гэр байна. Жолооч маань эртхэн очиж оочирт орьё гэсээр шууд боомт хүрлээ.

20160222_151321Хил гаалийн шалгалт монгол талдаа энгийн ганц багашиг байшин дотороо цомхон шуурхай асуудалгүй өнгөрч цааш зуугаад метр яваад хятадын хил гаалийн шил толь болсон ордонд ортол тэдний цахим сүлжээ нь гацсанаас хэсэг дараалал үүсгэв. Хилийн бүст хамаагүй зураг дарах мэдээж хориотой. Хятад талдаа Архашаат нэртэй боомтын бараг манай Буян Ухаа буудлын хэмжээтэй шалганы байрыг улам тэлж дэргэд нь залгаад бүр том байшин, цаад талд нь зочид буудал бүхий байгууламж нэмж босгож байна. Хүн хүч хөрөнгө ихтэй хөрш маань энэ чиглэлд илүү анхаарал тавьж буйг илтгэнэ.

20160222_154042

Манай машин ямар нь цаашаа явах эрхтэй эрхгүй учрыг ухаж мэдсэнгүй зарим нь болохоор Манжуур орноо гээд аваад давхих үлдсэн нэг нь эндээс цааш бид явах ёсгүй, замдаа баригдвал 2000 юанаар торгуулна, наадуул чинь шөнийн цагаар хулгайгаар давхиад орчихдог, тэндээ буудлын гадаа байж байгаад хүн аваад бас л үүрээр эрт гарч буцаад ирдэг юм гэх, ямартай ч Хайлаар хот руу бол манай ноймертой машин явддаггүй юм байна. – Зүгээрээ ахаа, Алтан Эмээл дээрээс Улаантуяа танд Хайлаар руу унаа олоод өгнө санаа зоволтгүй… Улаантуяа?

АЛТАН ЭМЭЭЛ ХОТ, УЛААНТУЯА

Хятадын шалган өнгөрөөд манай багийн аялал шуударч зам засмал дардан болж ирэв. Ийшээгээ цас ихтэй энгэр газартаа овоо хунгарлажээ, замаа дор нь цэвэрлэдэг нь харваас илт. Хааяа тааралдах монгол гэртэй айл, холбоотой хоёр гурван чингэлэг тэрэг, малын хашаа хороо сэтгэлд ойр ч урд хойно нь бариастай байдаг улаан тоосгон байшин хаана хүрээд ирснийг сануулах мэт. Зорьсон газартаа биднийг оройхон хүрэхэд дотор газрын цагаан сарын урт баяр шувтарч байгаа сүүлийн өдөр таарч энд тэндгүй пяс няс гэх их бага дуутай гэрэл цацруулсан баярын буудлага дундуур явж оровоо.

Монголоос ирсэн хэн боловч Улаантуяагийн гуанз байх гудманд зогсож саатан хоол идээд цааш явдаг уламжлал тогтоод удаж буй гэнэ. Бууж идээ ундаа эргүүлж паспортуудаа 5 юантай хамт хураалган Алтан Эмээлээр орж ирсэнийг батлах цагдаагийн бүртгэлд орсон тамгатай бичиг аваад хөдлөх ёстой юм байх. Улаантуяагийн туслах бололтой өвөрлөгч хүүхэн ирсэн хүмүүсийн паспортыг мөнгөний хамт хурааж аваад хаашаа ч юм алга болсоноо удалгүй ирж хятад ханзтай улаан тамга дарсан нэг ногоон хуудас паспортон дунд хавчуулаад эздэд нь тараав. Шөнө өдөр хэзээ ч очсон монголчуудыг хүлээгээд бэлэн байж байдаг тамга бүхий тэр сүрхий газар нь хаа байдаг ямар нэртэйг манайхан тоож мэдэхийг ч хүсдэггүй бололтой, мэдлээ гээд яах ч билээ. Мань мэтийн шинэковуудад ийм тамгатай бичиггүй бол энд тэнд зогсоож шалгахад төвөг саадтай байдаг юм, зам явахаа тавхан юанаар ийм амархан даруулчихлаа, одоо хоолоо захиалаад тайван ид гээд л болоо.

IMG_0535

Улаантуяа гэгч тавь шүргэм насны онигор шар хүүхэн өрөө суудал хувиарлангаа хуучин халтар меню тарааж хазгай буруу аялгатай ч хэзээний сурсан монгол хэлээр
“- За хэдэн хоол захих вэ, ийшээ суу, тийшээ оч, хаашаа хэдийд явах вэ, өнөөдөр өнжиж хононо уу, хэдий зоосны үнэтэй буудалд орнов” энэ тэр гэснээ зэрэгцээд утсаараа зогсоо чөлөөгүй ярин тогооч хүүхнүүддээ үүрэг өгөх зэргээр бүхнийг зохицуулагч болохоо харуулж гарлаа. Хуучин танил нэгэнд халуун хоолтой зэрэгцүүлээд хатуу ундаа гаргаж ч байх шиг, жолооч нартай бол арай онцгой харилцаатай бололтой ачаа бараа авч өгөх хадгалах тавиулах гээд түмэн завгүй. Хамт ирсэн залуус – Та эхлээд хоол захиалчихаа, унаа дор нь яриад бүтээнэ гэсний дагуу 40 юанын дэндүү үнэтэй холимог хуургаар ходоодоо нэг “торгуулсны” дараа эндээс Хайлаар хот хэрхэн хүрэхээ асуувал Улаантуяа утсаар хэн нэгэнтэй товч ярьснаа яг одоо таксигаар явбал 200 юань, амарч хоноод маргааш эрт 6 цагт гарвал 100 юань болно, барга залуу таныг өглөө ирж авнаа, 50-аас 10 юанын хооронд буудал байна алинд нь хононо вэ гэж урдаас дуржигнуулав.

Өвөр монголын Жирим аймгаас гаралтай Жин Цүйеэнг гэдэг солонгос цустай энэ бүсгүй хятад нөхөрөө дагаж Алтан Эмээлийн баргууд дунд анх сууршсанаас хойш монгол хэл сурч хил даваад ирж очих монголчуудад элдвийг зуучлан Улаантуяа нэртэй хоолны газар нээсэн нь өдгөө өөрийнх нь нэр болчихжээ. Хотын замын цагдаад удирдах ажилтай нөхрийнх нь нөмөр нааш цааш холхих монголчуудын машин тэрэг зохицуулахаас эхлэн өргөжсөөр шаггүй нөлөөтэй нэгэн болгож. Ядарч зүдэрсэн нэг биш монгол хүнд тусалсан, хунгар цасанд боогдсон монгол жуулчдыг очиж аварч хооллож ундлаж байсан зэргийг үнэлэн Чойбалсан хот оны хүндэт эмэгтэй цол өргөмжлөлөө хүртээсэн удаатай гэнэ.

Баянтал буудалд орж амрахын өмнө замд танилцсан Баатар дүүтэй хэсэг сууж ярилцлаа. Тэрээр цэргээс ирээд эхнэр хүүхэдтэй болж банкнаас зээл бүтээж машин аваад шуудангийн чиглэлд өдөр шөнөгүй зүтгэн мөнгөө цуглуулсаар өөрийн гэсэн гэртэй болж яг барих гэж байтал шууданд хуучин тэрэг явуулахаа больсон тул эхнэр хүүхдээ ээж дээрээ үлдээн энд тэнд явж элдвийг хийж эхэлжээ. Ганзаганд явж буудалд хонохгүй хоол ч идэхгүй шахам өөрт байгаа хэдэн цаасаа өсгөх гээд үзэж байлаа, эхнэр ажилтай байхад ойрхон ирж очоод болоод байсан одоо харин эхнэр өвдөөд эмчилгээнд нь мөнгө төгрөг яаралтай хэрэгтэй болсон тул ийшээ гарч малчин хийж урьдчилгаа аваад явуулах санаатай гэж ярьлаа. Манай залуусын өнөөгийн амьдралын энгийн нэгэн өнгө өнгөц сонсход нэг иймэрхүү.

БАРГЫН ТАЛААР ХАЙЛААР, НАНТУН ХҮРТЭЛ

IMG_0143

Эрт босоод бэлэн хүлээж байтал яг 6 цагт үүд тогшив. Цагаан өнгөтэй тохилог Волксваген байна. Замаараа хоёр хүн нэмж үүр хаяарахаас өмнө Алтан Эмээлээс зүүн урагшаа гарлаа. Үүрийн гэгээ өглөөний наранд өмнө алсрах баргын тал тодорч цэлийгээд хот суурин, газар тариалан, уул уурхай үйлдвэр заводын бараа ер таарч харагдсангүй эзгүй зэлүүд талаар давхиулав. Хааяа хувиартай бэлчээр газартаа “ориг” монголоороо суугаа барга айлын гэр бараа мал ахуй нүдэнд тусахад буун саатаж орж үзмээр байвч өөрийн эрхээр биш болхоор өрөөлд төвөг болохыг хүссэнгүй. Жолооч залуу урдах дэлгэцэндээ манай монголын шинэ клип дууны арвин цуглуулгаасаа ээлжлэн тавьж өөрөө сонссон шигээ сурамгай жирэлзүүлнэ. Хааяа утсаараа дуут мессеж авч илгээн дараачийн зорчигчоо олдог юм байна. Ер нь энд гар утсандаа хэрэгтэй групп сүлжээ үүсгэн цуглуулж тэндээ дуут мессежээр голлон харилцдаг аж. Хот хоорондын таксичид унаа хайгчдын бололтой утсан сүлжээ рүү жолооч залуу байн байн залгаад л – Ах дүү нараа, ар халхын нэг хүнийг Нантунд хоёр цагийн дараа буулганаа, урд суудал эзгүй тул хүн авна шүү, ачаа хамаагүй ээ… Тэгж байтал – Өө за болноо болно, нэг настай хүн оллоо шууд аваарай гээд утас хаяг үлдээсэн хариу дороо ирэх. Гаднын нэг зорчигч байгаа болхоор зарим “дотоод” асуудлаа хятадаар шулганах.

IMG_0151

Зам дардан байснаа энд тэндээ эвдрэл хагарал ихсээд ирэв, учир нь манай Халхголын Баянхошуу боомтоор дамжин орж ирдэг Тамсагийн түүхий нефт ачсан том тэрэгнүүд шөнө өдөргүй цувахын дээр Амгаланбаатарын хажууд нээгдсэн нүүрсний уурхайн машинууд нийлээд шинэ барга зүүн хошууны төв хүртэлх замыг ийнхүү сэтлээд сэглээд байдаг гэнэ.

Амгаланбаатарт бензин авахаар түр зогслоо. Өглөө эрт болоод тэр үү гудмаар нь ганц ч хүн харагдахгүй нэрэндээ тохирсон гэмээр нам гүм хот байна.

Байгалын чанад дахь Баргажин төхөм нутагаасаа оросуудад түрэгдсэн барга түмэн Халхын Сэцэн ханы харъяанд ирж хэсэг байснаа 1700 оны эхээр нутаг сэлгэн нүүсээр манжийн Найралт төв хаанаас одоогийн энэ шинэ барга хошуунд суух эрхээ олж авсан түүхтэй гэдэг. Монголын төлөө цохилох зүрхтэй олон баатар эрс баргууд дундаас төрсөний нэг нь домогт Манлайбаатар Дамдинсүрэн ван билээ. Жолооч барга залуугийн түүхийн мэдлэгийг өнгөц шалгатал – Би тийм хүний тухай ер дуулсан учиргүй ээ… гэхээр цааш нь залгах ярианы сэдэв мухардана. Гучаад оны сүүлчээр Монгол руу довтолсон Япон цэргийн штаб байрлаж байсан алдарт Улаан ганжуур сүмийн барааг замд заахаар нь харлаа. Соёлын хувьсгалаар газраас арчиж хаясан байснаа сүүлд бүрэн сэргээн засварлаад одоо нийт баргуудын гол шүтээний нэг хэвээр гэнэ. Амгаланбаатараас гараад хурдны өргөн замд орж баргын уудам тал цаашаа үргэлжилвээ. Замд үүд асрынхаа өмнө есөн хөлт хар цагаан туг сүлд залсан шивээлж тойрсон хашаатай байшин байгууламж хэсэг яваад хэд хэд таарахыг хараад асуувал – Наадуул чинь бүгд зугаацааны газараа гэсэн нь манай Чингисийн хүрээ шиг жуулчдад зориулсан амралтын газар бололтой. За тэгээд барга айлуудын амьдрал мал ахуй, ус бэлчээр өвс хадлангийн тухай ойр зуурыг асуун ярилцсаар явтал Хайлаарын бараа харагдав.

ЭВЭНК ХОШУУНЫ ТӨВ НАНТУН ХОТ

Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) хамгийн зүүн хойд тал Хөлөнбуйр аймаг 13 хошуу дүүрэгтэйн нэг нь Хайлаар хоттой залгаа Нантун төвтэй Эвэнк хошуу ажээ. Тус хошуунд хятад, эвэнк, манж, хотон, орос, солонгос үндэстний зэрэгцээ монгол угсаа гаралтай буриад, сонгоол, дагуур, хамниган, барга, цахар, үзэмчин өөлд ястангууд оршин суудаг. Эдгээр ястангуудаас эндээ хамгийн олон нь дагуур монголчууд  дараа нь буриад монголчууд ордог юм байна. Хятад орон дахь бараг бүх буриадууд Шинэхээн Зүүн, Баруун гэдэг хоёр суманд төвлөрөн суусаар зуу гаруй жилийн нүүр үзэж байгаа бөгөөд анх 3 сумтай байснаа Мөнгөн сумын 4 гацааг (баг) баруун суманд нэгтгэн 8 гацаатай болгож нийтдээ Зүүн Баруун хоёр том сум болгон өргөтгөн зохион байгуулсан энэ нутагт өөрсдийн хувиартай газартаа голлон мал аж ахуй эрхлэн аж төрж байна.

Алтан Эмээл хүртэл хамт ирсэн гэр бүлийн хоёр намайг шинэхээн буриадаар айлчлах санаатай яваа ч холбоо барих утасны дугаар, очих хаяггүйг сонсоод та Хайлаарт бөөн хятад дунд л бууна хэн ч танихгүй мэдэхгүй, харин наана нь залгаа Нантун гэж бий тэнд буугаад гудамжаар хэсэг явахад буриад дээлтэй эсвэл буриадаараа ярилцсан хүн амархан олдоно, тэднээс таних хүн, очих айлаа асуу, бараг л хамаатан нь явж байж таарах вий гэж зөвлөсөн дагуу Нантун хүрмэгцээ хотын хөдөлгөөн ихтэй дүүрэгт буугаад үлдлээ. Зочид буудал бололтой газар явж орлоо, үүдний хятад эмэгтэйд монгол орос англиар дээр нь гар хуруу оролцуулаад ч нэмэр алга. Гарч гудамаар яваа хүмүүсийн дуу авиа чагнан дээл хувцас энгэр заамыг харж хэсэг зогссоноо дараачийн хаалга чиглэв. Үүдэн дээр угтсан нөхөр монголоор ярихыг минь гадарлаад арын өрөөнөөс харчин хорчин маягийн хатуу аялгатай монгол эр дагуулаад ирэв. Хаа хүрнэв, юу хэрэгтэй гэхээр нь буриадууд хаагуур бийг сураглатал манайхыг хоёр алгасаад буриад хоолны газар бий тэнд оч гэвээ.

НҮҮДЭЛЧИН БУРИАД МОНГОЛ АМТАТ ИДЭЭНИЙ ӨРГӨӨ

IMG_0181Нүүдэлчин Буриад Монгол Амтат Идээний Өргөө

Хүүхэд ач нараа тойруулан цайлж суусан хижээлдүү насны авгай холын хүн орж ирэхийг хараад хольцгүй цэвэр буриад аялгаар хэрэг зориг хэнд болохыг асуунгаа ширээнд урьж халуун цай аягалан зөөхийтэй талхаар дайллаа. Хамаатан садангуудтайгаа уулзахаар зорьж ирсэн учраа хэлж нэр цохон та ийм улсыг таних уу гэхэд мэдэлгүй яах вэ, бид нэг баг бригадад айл саахалт олон жил явсан улс гээд яриа цааш өрнүүлэх зууртаа утасаараа ийш тийшээ залган холбогдоод намайг одоо ирж авах хүн, эхэлж буух айл, цаашаа хэнийд хэзээ хэн авч явж хүргэх гээд арав хорин минутанд айлчлалын эхний өдрийн маршрутыг тун тодорхой болгоотхов. Анх уулзсан энэ буриад эхнэрийн ач гуч нь бололтой нааш цааш гүйлдэх жаахан хүү охин хоёр ард ажиллаж байгаа тогооч туслах гээд тэнд байгаа бүх хүн хоорондоо буриадаараа ярьцгаана. Огт ойлгохгүй харь хятад үг яриа олж сонссонгүй. Бүх буриадуудын Алтаргана наадамд хэл яриа, ахуй байдал хувцас хэрэглэл, бичиг соёлоороо Шинэхээнийхэн бусад буриадыгаа дагуулахгүй цэвэр тунгалаг байдаг гэж гайхагддаг болхоор аргагүй шүү дээ.

Ороо бусгаа цаг үеийн үймээн самуун, хэлмэгдүүлэлт хамтрал комуннаас дайжин Ага нутгаасаа ил далд ачаалан адуу малаа туусаар алсын нүүдэл хийсэн буриадуудын түүхэнд аав ээж, ах дүү, үр удам нь үлдэж хоцорсон, хагацаж салсан гунигт хувь заяа гурван улсын нутагт таран суугаа агын буриад айл бүхэнд бий. Миний өвөө Цэдэнг төрүүлсэн эцэг эх нь ухаан сууж яваа ууган хүү минь ус нутагтаа үлдэг гээд 5 настайд нь аавдаа орхиод урт холын замд гарчээ. Тэр нүүдэл явсаар Шинэхээн нутагт хүрч сууршихад хатуу хил хязгаар тогтон хэл чимээ тасарч эргээд том хүүгээ дахин хараагүй ч элгэндээ санан бэтгэрсээр яваад өнгөрсөн тэр улс бол миний элэнц өвөө Жавын Бор, элэнц эмээ Тарзадын Бүтэд нар болно. Шинэ нутагт ирээд гурван хүүхэдтэй болж үр ач өнөр өтгөн аж төрж суугаад өөд болсон тэдний бага охин Цэвэг 1990 онд хил нээгдэхэд монголд ганц хүүгээ дагуулан ирж насан өндөр болсон том ахтайгаа уулзан золгоод буцсан баярт мөчөөс хойш 26 жил өнгөрчээ. Өвөө маань өөр хоёр дүүтэйгээ уулзаж чадалгүй байгаад удалгүй өнгөрч аав харин Шинэхээнд айлчлахаар ах дүүстэйгээ захидал бичилцэж байсан ч бас л амжилгүй 1999 онд өөд болсоноос хойш сураг тасарсан садан төрөлдөө очихоор зорьсон хэрэгээ бүтээж золгон уулзах цаг ирлээ.

Алс нутгаас авга эгчийгээ хүүтэйгээ гэнэт ороод ирхэд бөөн баяр хүлээн авсан аав маань ах дүүсээ нэг бүрчлэн бүртгэж бичиж авсан хүрэн дэвтэрийг дотор нь нямбайлан эвхэж хадгаласан хуучин монгол бичигтэй захидалуудын хамт авч очсон юм. Аавын хувийн бичиг баримтан дундаас гарч ирсэн тэр дэвтэрт бичсэн тэмдэглэл уулзсан садан төрлүүдийн маань сэтгэлийн утсыг хөндөж эрт дээр илгээж байсан захидалуудаа эргүүлж өөрсдөө нулимс дуслуулан уншиж байлаа. Хоёр сумын нутаг дамжин хамаатан садангаараа буусаар гурав хоног айлчлахдаа хуучны үлдсэн альбом гэрэл зураг үзэж туулсан амьдралынх нь талаар түүх дурсамж сонсон, ахуй нутаг аж байдлыг нь харж өнөр өтгөн болсон үр хүүхэд ач зээ нартай нь танилцан өөрийн ах дуустээ дуулгах сонин, үзүүлэх бичлэг, зураг хөрөгтэй ирсэн. Үүний зэрэгцээ Шинэхээн нутагт нэгэн зуун жил төвхнөн суугаа буриадуудын өнөөгийн амьдрал, сум орон нутгийн сониноос өөрийн хэмжээнд онцлон түүвэрлэсэнээ хуваалцахаар энд буулгаж байна.

БУРИАД ЗОН ШИНЭХЭЭНД ИРЖ СУУРЬШСАН ТҮҮХЭЭС

IMG_0379

Намдаг ноён

Сэлэнгэ, Онон мөрний хоорондох өргөн уудам нутагт тархан суусан Хори Агын буриадууд эрт дээрээс ирж очин бууж суусаар ирсэн монгол нутаг руу бөөнөөрөө зүтгэн зорих болсон учир шалтгаан эртнээс эхтэй. Бүр XVI зуунд Оросын эзэнт гүрэн Байгалын цаад чанад руу газар нутаг тэлэх эзэрхэг бодлогоо хэрэгжүүлэхээр энд тэндээс оруулсан үй олон казахуудын нүүдэл он жилүүдийн уртад урагшилсаар нутгийн уугуул иргэдийг шахан түрж малын үржил шимтэй бэлчээр ус хомсдон шинэ газар нутаг сэлгэн буух эрэлд нүүдэлчин буриадууд ийш тийшээ мордон Ононгоо уруудаад Монгол, Манжуур даваад Далай нуур ч зүглэж.

Ингэж байсаар Орос орон Октябрын хувьсгалтай золгож оволзсон иргэний дайны үймээн самуун талын буриадуудын тайван амгалан амьдралд нөлөөлж их нүүдэл эхлэн сүүлдээ улаан цагаан, хамтрал комунн, хөрөнгө хураалт, хэлмэгдүүлэлт баривчилгаанаас зугтаасан тэр нүүдэл суудал 30-аад оны дунд хүртэл үргэлжилсэн байна. Шинэхээний түүхэнд тодорхой бичигдэн үр удамаар нь дамжин яригдаж ирсэн хүн бол Агын буриадын талын думын дарга, тайша зайсан цолтой Хуасай овогт Базарын Намдаг ноён юм. (Агын буриадын музейд түүнийг Дылыков (Базаров) нэрээр бичиж зураг хөрөгтэй нь тавьсан бий) Тэрээр 1917 оны сүүлээр нутгаасаа гарч ийш тийшээ хэрэн аялсаар гурав дахь удаагийн явалтаараа эзгүй зэлүүд уул ус тэгш сайхан бэлчээр нутгийг олоод Имийн голын зүүн эргийн өндөрлөгт гарч өмсч явсан хүрэн цэмбэн цуваа тайлж дэвсээд өвдөг сөгдөн мөргөж үржил шимтэй энэ газрыг сонгосон түүхтэй. Буцахдаа нийт Хөлөнбуйрыг захирч байсан амбан ноёнд бараалхан авчирсан өргөлөө барьж (ходоог тэрэг дүүрэн цэвэр алт барьсан юм ч гэлцдэг) товлосон газар нутагаа баталгаажуулаад яаран эргэж. Нутагтаа очоод гэнэт гурав хоног халуурч хэвтээд тэнхрэлгүй бие барахдаа дагуулууд болон дүү Аюушдаа “Шинэ” нутаг руу яаралтай нүүгээрэй гэж бүх захиасаа хэлж амжсан гэдэг. Шинэхээн гэдэг нэр эндээс үүссэн бололтой.

Намдаг ноёны бага хатнаас гарсан хүү Бавуу, Гэлэгжамц нарын үр удам одоо Шинэхээнд бөгөөд энэхүү түүхийг өвөө нь мөргөж гуйсан Имийн голын эрэгт аж төрөн суугаа Намдаг ноёны ач хүү болох садангийн ахаасаа сая очихдоо гэрт нь сонсов. Эмээ нь Хэжэнгийн Авид гулбаа ноёны их басган байсан бөгөөд хар залуудаа өөрөөсөө 27 нас ах Намдаг ноёны хоёрдахь гэргий болж 2 хүү төрүүлсэн тэр хөгшин ураг төрөлтэйгээ эргэж дахин хэзээ ч уулзаагүй ажээ. Ах дүүгээ санагалзан Шинэхээн нутагт 93 насандаа 1979 онд бие барсан эмээгээ өрөвдөн өвөг эцэгтэй нь холбоотой үлдэж хоцорсон зураг хөрөг түүхийн баримт, ургын бичиг соёлын хувьсгалаар бүгд  устаж үгүй болсонд харамсаж суугаа энэ ах маань бас эрэл сурал болж ирсэн төрөл садангуудын минь үүсэл элэнц өвөө эмээгийн бага охиноос төрсөн зээ хүү нь юм.

IMG_0302

Ингээд хувь заяаны эрхээр дундад гүрэнд ирж суурьшсан буриадууд нэгэн зууны дотор манжуур дахь үймээн самуун, манж го улсын мөхөл, японы эзлэн түрэмгийлэлд өртөн хутгалдаж дараа нь соёлын хувьсгалаар мөрдлөгө хавчлага, хядлага сүйтгэл хүнд хатуу их юм үзэж амсаж туулжээ. Анх амбан ноёноос буриадуудад зааж сууршуулсан газар нутаг Хайлаарын хойт талаас урагшаа Хянганы нурууны ар хүртэл одоогийнхоос хамаагүй том байсан ч сүүлд 1958 онд тунгус, якут, солоныг нэгтгэн Эвэнк хошуу байгуулагдахад засаг захиргаанд нь цөөн хэдэн буриадуудыг хамруулахдаа 3 суманд нэгтгэн шахаж хил тогтоон анх суурьшсан нутгаас нь үлэмж танасан гэнэ. Гэвч буриадууд ажилч хөдөлмөрч чанараараа хошууны олонхи болсон эвэнкийг дагуулахгүй нь тодорхой байж оногдсон гурван сумандаа ахуй амьдралаа хэнээс ч дутахгүй босгож ирсэн тул мал ахуйгаа эрхлэх суух нутаг бэлчээрийг нь хамаагүй хөндөлгүй орхижээ. Хөлөнбуйрт газар өмчлөл эхэндээ нийт дундынх байснаа 1983 онд мал аж ахуйгаа эрхлэн суугаа нутгийг хүн амд нь тэнцүүлэн тэгшитгээд оноож өгч. Үүнээс хойш 1998 онд буриадын 3 сумдын бүх багийн нутагт оршин суугаа айл өрхөд эрхлэн байгаа мал ахуйн тоо толгойтой хамааруулан газрын дахин хувиарлалт хийгдэж айл бүрт бэлчээр хадланг тогтоон 30 жилийн хугацаатай эзэмшүүлээд өнөөг хүртэл мөрдөж байгаа юм байна.

ШИНЭХЭЭН БАРУУН СУМ, ИМИЙН ГОЛЫН ХӨНДИЙД

DSC_6896

Эхний өдөр зочилсон айл маань Шинэхээн баруун сумын Баянхошуу багийн нутагт Имийн голын эрэг Баянхан овооны дэргэд нутаглаж гуч дөчөөд үхэр хоёр зуу гаруй хонь хоёр унааны морьтой тэндхийн жишгээр бол тун цомхон эгэл нэгэн. Хажуугийн илүү байшиндаа гэр бүлийн залуухан хос барга туслах малчинтай малын саравч хашаа хороо нь эмх цэгцтэй, хураасан өвс нь хүрэлцээтэй, түлэх аргал бэлэн зэлэн төвөггүй сайн өвөлжиж байна. Ямарч буриад айлын гадаа өвсний трактор, ачааны машин дор хаяж нэг за тэгээд тэрэг чарга гээд юм юм бий. Улсаас олгогдсон бэлчээртээ хадаж хураасан өвс нь энэ хэмжээний аж ахуйд элбэг хүрэлцдэг харин илүү олон малтай бол нэмээд худалдаж авахаас аргагүй боллдог, энэ жил боодол өвс 300 юань хүрээд тэнгэрт хадаж байна гэнэ. Нэг хонь том жижиг гэлтгүй 500 юань гэхээр уншигч танд харьцуулж багцаалах нэг баримжаа төрөх болуу.

Анх шинэхээнд ирсэн буриадуудаас аль баян хөрөнгө хүч чадалтай нь дахин урагш нүүж Шилийн гол хүртэл яваад ихэнх нь идээшиж дасалгүй эргэж ирсэн, зарим нь цэрэг цуухад дайчлагдан алуулсан хядуулсан, ор сураггүй болсон, алдаж эндсэн гунигт түүх ч бий гэнэ. Тэдний нэг Ренчиндорж ноён (бүдүүн Ренчин) хятадад боссон түвдүүдийг дархад оролцож онцгой гавъяа байгуулж явжээ. Түүний шүдээ хүртэл зэвсэглэсэн буриад дайчид өвөр монголд өөрийн нэр сүртэй болж ирсэн тул удалгүй хятадууд болгоомжлох болж гэнэдүүлэн барьж дараад орост тушаагдсан тухай өмнө сонссоноо лавлан асуухад манай хоёр ам муутайхан байж их юм хэлээгүй юм. Харин маргааш нь Нантун хотноо болсон бөхийн барилдаан үзэж явахдаа Рэнчиндорж ноёны ач охин Сэвжидтэй танилцаад өвөөгийнх нь талаар ааваасаа сонссоныг нь яриулсанаа дараа эмхлээд тусд нь бичих санаа бий. Тэрээр ар монголд өөрийн садан төрөл бий гэдэг ч асууж мэдэж хоцроогүйдээ харамсаж байсан. Манж Го улсын цэргийн эрхтэн дархтан Японы генерал яваад бас л оросуудад баригдаж цаазлагдсан Үржин Гармаевын тухай яриа өдөн асуувал ах бэргэн эгч хоёр маань үүх түүх үр удамыг нь гаргууд сайн мэдэж байлаа. Гармаевтан гэж манай голоор нэг айлууд бий дээ гээд л.

Ер нь энд нутаг нугын айлуудаа төдийгүй хоёр сумны ихэнх буриадуудаа мэдэхийн зэрэгцээ удам судраар нь уншиж гардаг. Тийм ч учраас ураг барилдах гэр бүл болохдоо төрөл ойртон төөрч будилах явдал гарахгүй. Манай олон төрөл садангуудын айл гэр болсон үр хүүхдүүд дунд “гаднын” гэвэл 2 барга бэр дам сураг нь гарсан ганц оросын буриад хүргэнээс бусад нь шинэхээн нутгийн уугуул байв. Хятад хүнтэй ураг барилдах нь бараг огт үгүй бололтой. Ямар ч хүнийг хөгшид хүүхэдгүй Ага найман эцгийн аль овогтон болохыг тэднийхээр Хал буюу манай дорнодын буриадууд Алид гэдгээр нь асууна танина. Заримдаа зөвхөн овог болоод өвөг эцэг аавынх нь нэрийг дуудан өөрийг нь “товчлон” орхих ч бий. Жишээ нь Байтай хөвдүүд халтай Аатхин Базаржавын Юмдоржийн их хөвүүн гэх мэт. Манай нутагт арваад хүүхэдтэй айл олон байсаан, 15 хүүхэд гаргасан Халзан Доржийн хөгшин 90 гаран настай саяхан болтол мэнд сэрүүн дуулдсан, миний мэдэхийг Баруун сумын Бянхошуу гацаанд Багтар хуасай халтай Тахнайн Даш гэдэг айл нэг ихэрээ оролцуулаад 20 хүүхэдтэй өнөр бүл байв, Дашийн эхнэр Суурь бодонгууд халтай Эрдэнийн Жанчивын Нансалмаа гэж дориун хөгшин байсан гэж ахын ярихыг сонсоод шинэхээнд суурьшсан цөөхөн хэдэн буриадууд дундад гүрний хүн амын бодлого хүүхдийн тоо хоригт хамааралүй чадлаараа л өсөж үржиж ирсэнийг ойлгож суулаа.

DSC_6891

Шинэхээнд байхдаа таарсан танилцсан уулзсан хүмүүсээс уг гарвалыг нь хэрэндээ л асууж тэмдэглэж явлаа, ихэнх нь Хуасай овогтой дараа нь Хүвдүүд, Галзууд овогтон олон таарав. Баруун сумны Холбоо бригадад нутаглах нэг хүргэнийдээ айлчилхад тэдэнтэй айлсан суугаа зургаан айлын тав нь Хуасай үлдсэн ганц нь Шарайд овогтой байв. Хуасай нь дотороо 6 угтай (хөхүүри) дуудагдана. Бэргэн эгч маань Тогтор хуасай, Багтар хуасай, Онгор хуасай, Цагаан малгайт хуасай, Боохой хуасай, Үхөөлэй хуасай хэмээн тоолж бичүүлээд бүтэн болгож өгөв. Хүвдүүд нь Улаалзай хүвдүүд, Нохойрог хувдүүд, Байтай хүвдүүд, Галзууд нь Дэлдгэр галзууд, Дагаанхан галзууд энэ тэр гээд явж өгдөг аж. Өвөрмонголын ястангууд дундаа үндэсний өвөрмөц хэл соёл, зан заншил, идээ ундаа, эдлэл хэрэглэл, дуу хуур, өмсөх эдлэх дээл гутал хувцас, зүүх гангарах гоёл хэрэгсэлээрээ буриадууд бусдаасаа дутахгүй дээгүүр гэнэ. Ямар ч айлд очиход чингэлэг тэрэг авдар савнаа нээж өөрсдөө оёсон өнгө өнгийн дээл малгай гутал хувцас бүс тоноглол гаргаж өмсөөд зураг хөрөгөө татуулна.

Shineheen 001

Зун намартаа төр (хурим) найр болоход тал талаасаа цугларч таваг идээгээ барьж ирээд сайхан нааддаг болохыг зураг хөрөг дүрс бичлэгээс нь зөндөө үзлээ. Айл саахалтын залуучууд хуриманд ирэхдээ гоёж гоодон машин мотоцикл тоохгүй шинэхээн үүлдэрийн шингэн сүүлтэй өндөр зэгзгэр ардаг сайн морьдоо адуунаасаа барьж дэллэн засаж унаад мөнгөн эмээл хазаараар ижилсэн бөөнөөрөө явах их дуртай гэнэ. Найр хавтгайрч нанчилдаандаар дуусах удаа урдын цагт их элбэг байсан. Харин наяад оны дундуур нутгийн ахмадууд цугларч дотоод журам гарган хөдөөд хийх найрыг архи дарсгүй болгосноос хойш орон нутгийн энэ “хуурай” хуулийг одоо хүртэл нэг ч удаа зөрчөөгүй нь үй түмэн хятадуудын дунд суугаа жижиг үндэстэн ястанд өөрсдийн удирдах ёс юунаас ч эрхэм болдогийг үзэж туулж яс махандаа тултал ойлгосонтой холбоотой ажээ. Оросын кавказ уулын сууринд элбэг байх нутгийн межлис маягийн ахмадын зөвлөл энд ч хүчтэй ажиллаж гаргасан шийдвэрийг нь дээрээ анхаарч доороо ч хүндлэн хүлээн авдаг уламжлал бат бөх тогтсон байх юм.

Зэргэлдээ суурин гацааны эвенкүүдтэй нутаг усны маргаан сөргөлдөөн хийх явдал бас гарна, цаадуул нь хүнээр олон мөртлөө бас хаширлан буриадтай өстэй зарим харчин хорчингуудаас уулгаж идүүлэн хөлслөөд нэмэлт хүчтэй ирэх ч бий гэнэ. Цөөн хэдэн буриадууд харин нэгдэж зангидсан гар шиг байж чаддаг бололтой. Саяхан буриадын Тэмээн хүзүү гацаанд гарсан мөргөлдөөнийг Хайлаараас Амрыг хамгаалахын бөөн машин тэрэг цэрэг цагдаа болсон хүч ирээд тараасан. Дагуурууд харин монгол цустай болхоор буриадуудтайгаа гэмгүй, буриад гацаанд суугаа дагуур хэдэн айл тэр чигтээ буриаджсан хэл яриа нь ч усан буриад болсон байдаг гэсэн. Зүүн сумын Хан Уул гацааны ихэнх айл эвэнк тунгус нэг гаралын хамнигад байх ч ийм үед ихэнхдээ буриад цусны ах дүүгээ дагадаг юм байна.

Ийнхүү өвөөгийнхөө бага дүүгийн хүү нь болох ахынхаа хөдөө гэрт бэргэн эгч тэр хоёртой элдвийг хөөрөлдөн тарган үхрийн мах чануулж огтолсон шигээ аагтай сайхан аарц оочлон Баяндун нутагтаа очсоноос ялгаагүй буриад маягаар хооллон хонолоо. Манай нутаг өвөлдөө өнтэй, зундаа өнгөтэй гоёхон доо, Имийн гол маань харгилан урсч эрэг тохойгоор нь үрэл мойл урган багсайж налайх дэлгэр цагаар дахин айлчлаарай гэж бэргэн эгч маань захиад үлдсээн. Та хоёр минь амар сайн сууж байгаарай.

БАЯНХОШУУ ОВОО, ШИНЭХЭЭН БАРУУН СУМЫН ТӨВД

Imiin gol Shineheen goliin uulzvar hondii

Маргааш өглөө нь намайг авахаар ирсэн бас нэг хүргэн хүүгийн хүчтэй тэргийг хөлөглөн Шинэхээн буриадын хоёр сумын нутгаар урсан ирж нийлдэг Имийн гол Шинэхээн голын уулзвар бэлчир уудам өргөн хөндийн дунд эртнээс тахиж шүтсэн Баянхошуу овоонд гарч бүх буриадынхаа заяа буянг даатган мөргөцгөөв. Ай хөөрхий, алсад адуу мал бэлчсэн Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн үзэсгэлэнт уудам энэ хөндийд суурьшсан буриад монголчууд маань өнтэй өнгөтэй өвөлжин суудаг тухай чихээр сонссоноо ингээд нүдээр үзэвээ.

DSC_7086

Баргын талтай хаяа залган нийлдэг шинэхээн Баруун сум Бянхошуу, Шивээ, Холбоо, Тэмээн хүзүү гэдэг 4 багтай. Орой дээвэр дээрээ буриад тоорцог малгай духдуулсан хэлбэртэй Баруун сумын захиргааны энэ ордонд эмэгтэйчүүд хүүхдийн хэлтэст алба хашдаг эгчийн охин Бадамханд, ар тал аж ахуй хариуцдаг ажилтай ахын маань дунд хүргэн Хаваан нар өөрсдийн ажлын өрөө тасалгаа амралтын байраараа оруулж захиргааны ард байрлах буриад өв соёлын музейгээ нээн үзүүлэв.

DSC_7089

Гаднаасаа жирийн нэг дүнзэн байшин харагдавч ороод цаанаа овоо хэдэн танхимтай давгүй тохижилттой. Үзмэрүүд нь шинчлэгдэж байгаа манайх замбраа муутайхан шүү ахай, холын зочин ирэхийг сануулаагүй тул өглөө гарахдаа үндэсний дээл хувцасаа өмсөж амжаагүйви гээд тайлбарлагч охин Дугармаа зовсхийн ярих нь сэтгэлд дотно. Буриадын нүүдэл суудалын түүх, зан заншил, соёл ахуйн холбогдолтой үзмэрүүд, ахуй амьдралыг бүтнээр нь харуулсан дотор нь орж үзэх зориулалттай бүрэн тавилгатай гэр, нарийн хийцтэй дарханы урлал, эрт эдүгээ цагийн ном сонин, ховор нандин гэрэл зургууд, он цагийн түүхэн дараалал товчоон, нутаг орныхоо нэртэй хүндтэй хүмүүсийн танилцуулга, Шинэхээн нутгаас олдсон эртний эд өлгийн зүйлс, аль цагийн аварга үхрийн яс зэрэг үзэж сонирхох юм юм л байна. Сэтгэгдэл бичих зуураа нэмж хиймээр засаж сайжруулмаар санагдсан бодлоо бас хэлж хуваалцав.

DSC_7103

Ахын дунд охин Цэцэг Баруун сумын цэцэрлэгт багш хийдэг юм, одоо хүүхдүүд амарсан байгаа ч ах та манай ажлаар амжаад ороорой гэсэн дагуу хэрэг болгон зорьж очлоо. Тоглоомын талбайдаа гулсах савлах иж бүрэн эвлэгхэн цогцолбортой дэргэдээ хүүхдүүдэд зориулаад буриадын ахуй амьдралтай холбоотой жижиг гэр, тэрэг чарга хашаа хороо хүртэл хийсэн байх нь өхөөрдөм, дотогшоо ороод Улаалзай, Мойлхон, Үрэлхэн нэрээр өвөрмөц өөр онцлогтой тохижилт бүхий анги бүлгүүдийг бүгдийг явж үзээд үнэхээр бахархав. Хоолны, тоглоомын, амралт унтлагын, уран сайхны гээд цэлгэр том танхимуудтай энэ сайхан цэцэрлэгт зуун тавь орчим бяцхан охид хөвгүүд хоорондоо дан буриадаараа яриад инээлдэн тоглож гүйлддэг.

Энэ газраас эхлэн өсөж торнисон хүүхдүүд ахлах сургууль төгстөлөө худам монгол бичгээрээ хурдан түргэн уншиж бичиж, аялгуу сайхан буриад хэлээрээ ар гэртээ аав ээж ах дүүс өөр хоорондоо үргэлжийн ярьж харилцаж ирээдүйн амьдралдаа бэлтгэгддэг. Хана самбар дээрээс нь ханз үсэг бичиг огт олж харсангүй. Ийм л язгуур үндэс суурьтай учраас Шинэхээнд суугаа арав хүрэхгүй мянган буриадуудын үр сад эх сайхан хэл яриа, бичиг соёлоо гаргуун мэддэг ахуй зан заншилаа хайрлан хүндэлдэг хүн болж хүмүүждэг учир энэ бизээ.

DSC_7425

Цэцэрлэгийг анх санаачлан үүсгэн байгуулсан Жаргал багшийн эх нь цэвэр япон хүн юм гэнэ. Квантуны арми манжуураас цохигдох цагаар нутгаа зорин зугтааж явсан япон офицерийн гэр бүл бүсгүй бяцхан хүү охин хоёрыгоо окопонд нуун дарж хэвтээд шархаа даалгүй амь тавьжээ. Хээр малаа хайж явсан нэг буриад өвгөн хүүхдийн ёолох уйлах дуунаар хөлдөх шахсан тэднийг олж гэртээ авчран тэжээсэн боловч хүү тэсэлгүй өнгөрч охин тэр айлын хүүхэд болж өсчээ. Эх хүү хоёрыг хамт оршуулсан газараа буриад өвгөн япон охиндоо ухаан орсон цагаас нь мэдүүлж энэ газрыг бүү мартаарай гэж захисан гэнэ. Олон жилийн дараа эхнэр хүүхэд нь шинэхээн нутагт үрэгдсэн гэж бодож явсан япон өвгөн төрсөн ганц охин нь амьд сэрүүн буриад айлд өсч том болоод өөр нэгэн буриад айлын бэр болж үр хүүхэдтэй амьдарч байгааг мэдэж амьд мэнддээ ирж уулзахдаа үлдэх бүх хөрөнгөө өвлүүлсэн байна. Тэр хөрөнгөнөөс ач хүү нь нутагтаа ачлал санасан япон өвөөгийнхөө сэтгэлийг шингээж буриад өвгийнхээ дурсгалыг хүндэтгэн энэхүү цэцэрлэгийг барьж босгосон түүхтэй аж. Цэцэг маань шууд харилцдаг WеChat сүлжээндээ япон эмээтэй холбогдон хэдэн үг солиулахад мэдээжийн хэрэг урдаас ямар ч аялгагүй яг буриад хөгшин мэнд мэдэж хэрэг зориг асуун хэсэг хөөрөлдөв.

DSC_7446

Цэцэрлэгийн багш Хөвдүүд О.Цэцэг, харуул Цагаангууд Х.Нацагдорж

Сум орон нутгаас энэ цэцэрлэгийн багш ажилчдын цалин төсөвийг бүрэн дааж улс гүрэн нь зөвшөөрч батлан үндэстэн ястныхаа хэл, соёлоо дээдлэн хадгалахыг жижиг том гэж ялгалгүй элдэв хаалт саадгүй дэмжиж байгааг том төрийн ухаалаг шударга бодлого хөрсөн дээрээ хэрэгжин буусан энгийн нэг жишээ л гэж харж байна. Бүх буриадын эх нутаг тоонот голомт болсон Байгалын чанад тойроод 300 гаруй мянган буриадууд таран суугаа хот суурин тосгоноос ийм цэцэрлэг эрээд олдохгүй бол бүү гайхаарай тэд олуулаа ч оросжин уусч хэл соёлоо гээсээр. Агын буриадын автономит тойрогт болоод хорийн хэдэн тосгодоор л хольцгүй буриад аялгуу сонсогдоно одоо. Харин яг тэндээс зуун жилийн өмнө дүрвэн ирж үй түмэн хятад манж тунгус эвэнк хотон дагууруудын дунд суурьшин өдийг хүрсэн Шинэхээнд та ирвэл тэр сайхан аялгууг дахин улам цэвэр тодоор сонсох болноо.

ШИНЭХЭЭН ЗҮҮН СУМЫН ТӨВ, ХУУЧИН СУРГУУЛЬ

Шинэхээн Зүүн сум эхэндээ Бүрд, Харганаан, Хан-Уул, Хар тохой гээд 4 гацаатай байж. Хан-Уул багт хамниган буриадууд, Хар тохой бригадад дагуур монголчууд буриад нартайгаа айл аймаг аж төрдөг. Дундуур нь баруун сумтайгаа залгадаг Мөнгөн, Мөнгөнтуяа, Баян Уул, Үйтхэн гээд 4 багтай Мөнгөнчулуу сум байсныг сүүлдээ Эвэнкийн засаг захиргааны шинэ хувиарлалтаар Зүүн сумд нь нэгтгэж 8 багтай болгон томсгосон нэрээр багасгажээ. Шинэхээн нутагт ирсэн анхны буриадууд эхлээд юу хийхээ сайтар ярилцаад Мөнгөнчулуу сумын төв дээр энэ бага дунд сургуулийг барьж босгосон түүхтэй юм байна. Үнэхээр л хамгийн эхлээд хийх ёстой ажил маань гэдгийг бүгдээр ойлгосон байж.

DSC_7110

Хүний нутаг гүний газар хүрээд ирсэн тэд хүч хөрөнгөө нийлүүлж хийсэн анхны том бүтээн байгуулалт энэ сургууль байсан гэдэг. 500 шар тэргээр Эргүнээс шинэс мод татан авчирч хамтын хүчээр бариад шинэхээн буриадын шинэ үе залгамж халааг сурган хүмүүжүүлсэн тэр түүхт сургуулийн туурин дээр очлоо. Анхны 6 байшингаас одоо ганц нь тэсч босоо үлджээ. Удахгүй эндээс буулган нураах эсвэл эвлүүлэн музейн гадаа аваачаад барихын аль нэгийг сонгон газрыг нь чөлөөлөх сурагтай гэнэ.

Эцэг өвгөд нь эд хөрөнгөө нийлүүлж хөлс хүчээ харамгүй шавхан босгосон эрдмийн энэ өргөөнөөс Шинэхээний сор сэхээтнүүд, урлаг соёл спортын алдартнууд төрөн гарч ирээдүйг авч явах залгамжлах хэдэн үе хүмүүжин боловсорч дамжсан ажээ. Эргэн тойронд нь хүрээлж байсан харийн хэл, соёлд хайлан уусгах аюулыг сөрөн өвгөдийн захиас шингэсэн монгол хэл бичгийг хадгалж үлдээж өгөөд улирах цагийн эргэлтэнд унах шахан элэгдсэн энэ модон байшин үүргээ хангалттай гүйцэтгэжээ.

НАНТУН ХОТНОО ЭВЭНК МУЗЕЙ, МОНГОЛ БӨХ ҮЗЭВ 

Айлчлан аялсан хоёрдахь өдрөө Эвэнк хошууны Нантун хотноо малжих дөрвөн хошуудын нутгаар айлчлан зохиож байгаа хаврын анхны барилдааныг үзэхээр ирлээ. Хөлөнбуйр аймгийн малжих дөрвөн хошуу гэдэгт монголчууд голлон суудаг Шинэ барга зүүн хошуу (төв нь Амаглан), Шинэ барга баруун хошуу (төв нь Алтан эмээл), Хуучин барга хошуу (төв нь Баян хүрээ), Эвэнки үндэстний өөртөө засах хошуу (төв нь Баян тохой), ордог бол тариалах хошуудад Морин даваа, дагуур үнтэстний өөртөө засах хошуу Арын хошуу, Шугуйт хошуу хэмээх Орчон үнтэстний өөртөө засах хошуу ордог юм байна. Бөх эхлэх болоогүй байгааг ашиглан Эвенкийн гоёмсог том музейг үзэж амжуулахаар шийдэв. Үүднийх нь өмнөх сүрлэг баатрын хөшөө тойрч хэсэг харлаа, манж тунгус монгол алин болохыг таньж мэдэж чадсангүй. Энэ нүсэр музейг тайван тухтай сонирхоод гарнаа.

DSC_7037

Шил толь болсон гантиган шатаар өгсөж уруудаад баруун зүүн хоёр том танхимтай юм. Баруун талдаа тунгус якут угсаатны урц гэр, цаа бугатай ахуй амьдрал байдлыг харуулан хийсэн нүсэр том павильон байна. Хянганы даваанд сууршин сууж байсан ойн хөвч Олгуяа нутгийн зураг хөрөг, доторх үзмэртэй нь харьцуулан хархад хэмжээ нь арай л томдож гэмээр шилэн хоргоны цаана цаатны дээл гутал, өлгий, нум сум, ясан зүүлт, хутга шөвөг зэрэг ахуй амьдралын холбоотой үзмэрүүд байрлуулж. Цаашаа олон алхуулсангүй Эвэнктэй холбоотой хэсэг төгсөж үлдсэн зайд нь манж цэргийн хувцас, сэлэм, японы үеийн буу зэвсэг энэ тэрхэн байна. Зүүн танхим нь бүх ханаараа байгал орчин харуулсан том дэлгэмэл панорам зургууд, голдоо ой модон дунд идээшлэж яваа буга хандгай, баавгай чоно зэрэг зэрлэг ан араатан шувууны чихмэл бүхий үзүүлэн байна. Тэгсгээд үзэх юм дууслаа, хошууг захирч суугаа олонхи болхоор эвэнкүүд үзэж харах юмаар маруухан ч эрх мэдэлтэй хүчтэй давуугаа энэ музейн том ордоноор харуулаа юм бизээ.

DSC_7054

Хэл соёл өөр үндэстэн гэгддэг эвэнк нар өөрсдийн гэсэн бичиг үсэггүй болхоор манжийн Канши хуанди буюу Энх-Амгалан хааны монгол манжаар бичсэн нэгэн зарлигийг үзмэр дундаа дээдлэн дэлгэсэн харагдана. Сонирхол татсан энэ дурсгалыг асууж тодруулах гэтэл тайлбарлагч хийдэг хүн нь алга өглөөнөөс хойш үзэгчгүй болохоор нэг тийш явсан бололтой. Яахав орлоо үзлээ, гарлаа …

DSC_7315

За тэгээд малжих дөрвөн хошууг тойроод барилдаж яваа 128 бөхийн тэмцээнийг үзсэн сониноосоо хуваалцая. Барга буриад, үзэмчин, өөлд, хошууд, дагуур тэргүүтэй монголчууд голлосон багцаагаар мянга гаруй үзэгчид хуран цугларчээ. Орход үнэ төлбөргүй гэнэ. Ахлах сургуулийн спортын зааланд арай гэж багтсан үзэгчидтэй энэ тэмцээний харуул хамгаалалтыг ажаад байхад дан хятад цагдаагийн бие бүрэлдэхүүн эгнэн жагсч хийж байна. Барилдааны өмнөх урлагын бэсрэг тоглолт уг нь үзэж хармаар сонсмоор юм юмтай. Гэхдээ гарч ирсэн бүжигчин дуучин хөгжимчин бүгдээрээ л улаан цэмбэн ширээнд суугаа хэдэн дарга тэргүүлэгчид руу инээмсэглэн харж тоглочихоод ёслохдоо ч болов эргээд ганц удаа үзэгчдэд нүүрээ ч харуулахгүй гүйлдээд алга болох юм.

Өвөр монгол бөхийн барилдааны талаар манайхан муугүй мэднэ дээ, халхгар өмд, төмөр тавтай хатуу ширэн зодог, түрий давсан өвдгөвч, хүзүүндээ сагсайлган зүүсэн олон өнгийн зангиа. Мэдээж гараа дэвээ шаваанаас авхуулаад эртний уламжлалаа илүү хадгалсан зүйлүүд бас ч бий байх харин даваад дэвж тойрох туггүй, тахимаа өгч авалцахдаа зүгээр л гар барилцан дарга нар руугаа харж ёсолчихоод ордог нь нүдэнд нэг л дасахгүй эвгүй юм билээ. Туг гэснээс олдохгүй байхгүйдээ ч биш байх, монгол бөхөөр барилдаж давчихаад хятадын улаан туг байн байн тойрч адис аваад явалтай биш. Нэгийн даваанд жинхэнэ шалбуур өмдний оронд хөх жийнс, биеийн тамирын элдэв бичиг зураастай өмд, бариу трико өмссөн бөхчүүд голлон унацгааж хоёрын даваанаас үзэгчдийг шуугиулж өндөлзүүлсэн барилдаан олшроод ирэв.

Сайн суудал эрт ирж эзлээгүй болохоор энэ тэрүүгээр эргэлдэн дээгүүр доогуур гарч орж ганц нэг зураг дарж явтал үүдэнд шаламгай хэдэн буриад эхнэр хэдийн хүрээд ирчихсэн цагаан идээ, ундаа, боов боорцог, мойлтой тос, шимийн охь, оёж урласан дээл гутал, малгай, мөнгөн хазаар, чөдөр ногт юм юм л зарж борлуулаад зогсч харагдана. Ренчин ноёны ач охинтой энд танилцаж хэсэг яриулаад бас амжлаа.

Онцолмоор содон барилдааныг гар утсаараа бичээд WeChat -аар хэн нэгэндээ газар дээрээс нь илгээж байгаа үзэгчийг хараад хятадын утасны сүлжээний хурд багтаамж, хэрэглээний түвшин ямар хэмжээнд очсоныг, ухаалаг утсыг хөгшин залуугүй хөдөө хотгүй хэрэглэж байгааг харьцуулсхийн бас харж л явав.

Барилдаанд Эвэнк хошууны мянган бөхийн манлай бөх Идэр түрүүлж, өмнө болсон гурван барилдаанд 2 түрүүлж 1 үзүүрлэсэн Өвөрмонголын аварга, баруун үзэмчин хошууны алдарт бөх Цагаанзаан үзүүрлэв. Удаах байранд Зүүн үзэмчин хошууны Бадрангуй, Баруун барга хошууны Сэнгээгарав нар оржээ. Түрүү 8 бөх мөнгөн шагнал хүртсэнээс 1-р байр 10.000 юань үзүүр бөх 6000 юань, 4 давж 8-д үлсэн бөх 1000 юань гардаж байна. Монголчууд л болсон хойно тараад харих замдаа энэ өдрийн барилдааны талаар элдэв таамаг дэвшүүлж нутгийн дошин дээрээ түрүү хүртсэн Эвэнк хамниган гаралтай бөх Идэрийг түрүү бөхийн шагналаа бүтэнээр нь нэмж өгөхөөр тохирч даваа авсан гэнэ, тэрнээс биш Цагаанзаан бол Идэрт яагаад ч унах ёсгүй юм л гэлцэнэ. Үнэн бол давааны найраа наймаа хаа сайгүй л байдаг бололтой. Өөр нэг аварга Баярбаатар гурвын даваанд буриадын бөхөд бүдэрчээ. Өвөрлөгчдийн барилдааныг үзэж харж суухад уран хурц мэхний хувилбар арга барил гээд олон талаар манай ар монголын үндэсний бөх арай л илүү юм даа гэсэн бодол төрснийх нуух юун.

ШИНЭХЭЭНИЙ БУРИАДУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

DSC_7151

Эртний ёсоор байгал дэлхийгээ биширч дээдлэн уул усаа аргадан тахидаг уламжлалаа буриад зон энд бас хадгалажээ. Бүх буриадууд жилдээ нэг удаа Баянхан овоондоо цугларч овооны тахилгаа хийдэг. Бөө энэ тэр гээд сүржигнэн гүйлдэх юм бараг үгүй үнэндээ тэгэж тэнэж явах зав ч олдохгүй, буддын шашинаа шүтэн биширч бурхан тахилаа хоймортоо залдаг. Соёлын хувьсгалаар хятадууд шинэхээний шарын шашны төв Дамбадаржаалин хийдийг устгаж үнсэн товрог болгосон ч сүүлд яг тэр суурин дээр нь буриадууд төрийн дэмжилэгтэйгээр дахин сэргээн гурван том дацантай цогцолбор хийд барьж босгон шажин номоо хурдаг болжээ. Араараа нарсан шигүү ойн төгөлтэй урдуураа Шинэхээн голын налгар хөндий хосолсон Бүрд багийн нутагт сүрлэг налайх уг дацангаар ороод гарлаа.

Лам нар нь хурал номтой үедээ цугларч сууна бусад цагт хөдөө мал ахуй дээрээ гардаг тул биднийг очиход хамба лам зээ хүүгийндээ байдаг ганц хөгшинөөс өөр хүн байсангүй. Холоос ирсэнийг минь дуулаад дагуулан явж гол дуган хийдээ нээж үзүүлсэн тэр эмээ бодонгууд угтай хүн байв. Өвөөгийн маань дараагийн дүү Лувсан ламтаны шавилан сууж байсан уг хийдийн туурин дээр мөргөн адис авч хүрд эргүүлэн өргөл тавиад гарсаан.

Дамбадаржаалин хийдийн хамба лам нь хар багаасаа Амдуу түвдийн оронд шавилан шашины дээд боловсрол эзэмшээд буриадын Агын дацан Иволгийн дацанд ээлжлэн зэрэг дээшлүүлсэн залуухан хүн тул хурал номын газарын дэг жаяг журамтай сайн хийдийн дотор гадар эмх цэгцтэй, хурсан шүтлэгтэн олондоо өглөг буянтай шүтээн газар маань энэ гээд уулзсан буриадууд бүгдээрээ ам сайтай байв.

ДАГУУР МОНГОЛ АЙЛД

Зүүн сумын Бүрд бригад орох замдаа аль нэг дагуур айлд орж ойр зуур ярьж үзмээр санагдан эгчийн маань хүүгийн танил найз нэгний гэрт айлчлав. Алтай хэлний язууртай ч хайлан уусч холилдсон хагас монголоор ярьдаг дагуурчуудыг зарим түүхчид эртний Киданы Дахэ овогтноос үүслтэй гэх нь бий. Маршал Чойбалсангийн эцэг дагуур хүн байсан гэдэг яриа ч бас явдаг гэсэн. Хөлөнбуйрын морин даваан дахь дагуурын өөртөө засах хошуунаас гадна буриадын зарим баг сумдаар дагуур айлууд мэр сэр суудаг аж.

Эхнэр нөхөр хоёр эртний монгол аялгатай дагуур хэлээр ярилцахыг тогтон сонсход ихэнх үг нь ойлгогдож байв. Барга буриад хамниган үзэмчин өөлд хошуудтай дагуур монголоороо бүрэн ойлголцоод байдаг, хятадаар ярилцах нь ховор гэсэн. Гэртээ залсан бурхан шүтээн нь ханз үсэгтэй юм, ханан пийшэндээ залган барьсан өргөн ханз ортой тэр нь доороосоо халдаг дагуур айл гэрийн нэг онцлог гэнэ. Эзэгтэйн чанасан аагтай цайг ууж гэрийн эзнээр эртний дагуур дуу аялуулсан шигээ хэсэг тухтай ярилцаж суугаад гарлаа.

ШИНЭХЭЭН НУТГИЙН ШИЛДЭГЭЭС

Шинэхээн бол эгшиг аялгуу цангинаж байдаг газараа. ОХУ-ын буриадын иргэн болсон Аюушийн Бадамханд бүсгүй оросоор дамжаад баруун Европ Англи Америкт буриад хөг аялгууг хүргэж яваа бол арав хүрэхгүй мянган ардын дундаас төрсөн давтагдашгүй өвөрмөц тод хоолойтой Бавуудоржийн Цэцэгмаа, Цогтын Должин нарын Азийн орнууд Монгол, Хятад даяар ая дуу нь түгсэн сайн дуучид энд бий. Эртний утга уянга нэвт шингээстэй Наян Навааг сэтгэлээ огшоон сонсдоггүй буриад хүн ховор билээ.

Бүх хятадын адууны уралдаанд шингэн сүүлтэй шинэхээн адуу байнга дээгүүр давхиж үүлдэр угсаагаараа шилдэгийн хоёрт тооцогддог болжээ. Адууных нь тамга айл болгонд хадганд боолттой хүндтэй залагдсан байхыг орсон газар бүрдээ харлаа. Эцэг өвгөдөөс үлдээсэн им тамгаа энд хамгаас нандигнан хэрэглэсээр. Эгчийн дунд хүү хуучин үсэгтэй зэндмэнэ тамгаа гаргаж үзүүллээ, дүү нь хурдан хээр азаргатай адуугаа бас туугаад ирлээ. Тарга тэвээрэг сайтай онд мэнд бүрэн орж байгаа ажээ. Мэнд бүрэн гэснээс энд адуу малын хулгай гэж огт үгүй юм байна, хууль чанга шийтгэл хатуу болохоор урт гартнуудад орох газар олдохгүй.

DSC_7395

Зун 5 сар гараад баргын нутагт оторлон явж түмэн адууны баярт оролцдог юм байна, тал талаасаа нийлэх газар газрын угшил дунд хол ойрын сунгаа уралдаан хийгдэж дараа нь холио солио арилжаа наймаа их болдог. Баян баргууд зундаа монголоос сайн уяачийг унааны хүүхэдтэй хамт хөлслөөд явдаг болсон зэрэг сонин дуулгав.


ШИНЭХЭЭН БУРИАДУУДЫН СОНГОЛТ ШИНЭ НУТАГ

20160225_160744ОХУ-ын бүрэлдхүүнд байгаа Буриад Улс 2006 онд Шинэхээнээс шилжин ирж Агын талдаа сууршихыг зөвшөөрсөн хууль баталсан хэдий ч 2012 онд орос хэлээ огт мэдэхгүй байна гэсэн сонин шалтгаар буцаад цуцлах хүртэлх 6 жилийн хугацаанд 200 орчим өрх айл л эцэг өвгөдийнхөө нутагт эргэн иржээ. Суурьшин суугаа төрсөн нутгаа дахин орхиод эгнэгт эргэж буцах нүүдэл суудал цаашдаа ч тэгтлээ их гарахгүй бололтой. Амар мөрөнөөс ар тийш орших алс хязгаар газараас манжийн үед нүүдэл суудал хийж орж ирсэн олон овог аймаг Хайлаарыг тойрч төвлөрөөд хэдэн зууныг элээж байна.

Оросын түрэлтэнд шахагдсан нүүдэлчин аймгууд сөрж тэмцээд хүч мөхөсдөн арга нь олдохгүй бол ачаалаад гэнэтхэн алга болдог тэр цаг хэдийн түүх болж ард үлджээ. Хятад гүрэн бага үндэстэнээ хаана хэрхэн суурьшуулахаа хэнээр л заалгав гэж. Хөлөнбуйр бол хөдөө тал онгон бэлчээр цэнгэг агаар уул ус хосолсон хятадын онцгой бүс нутаг, тариалангийн хөлд тахлахгүй дархалсан энэ газартаа зөвхөн мал ахуй эрхэлдэг барга буриад монголчуудыг тараан шингээж авч үлдэх төрийн бодлого явж л байгаа. Зэрэгцээд оросын зүүн өмнөд сибирь хавийн эзгүй онгон зэрлэг зэлүүд нутаг руу дотор газрын иргэдийг ил далд илгээн суурьшуулах геополитик хийгдэж буй нь одоо цагт нууц биш болсон аажим алгуур процесс.

Shineheenchuud

Өмнөд хойд хоёр хөршөө өвдөг сөгдүүлж явсан түүхтэй их монголын нэгэн удам алс нутагт ахуй соёл үндэс угсаагаа алдалгүй аж төрөн суугааг үзэж хараад ирлээ. Эцэг эх, эх ороноо эхлээд сонгож төрдөггүй гэдэг үг бий. Эвенк хошууны зүүн баруун сум арван хоёр багийн арав хүрэхгүй мянган буриад монголчууд хуваарь хязгаартай ч өрх болгон өөрийн эзэмшил газар, хадлан бэлчээр, хариулах өсгөх мал сүрэгтэй, ахуй амьдралаа өөд нь татаж байшин сууцаа зоргоороо барьж босгон зон олноороо зовлон жаргалаа хуваалцаад үр хүүхэд нь айл гэрээ зохиож эцгийн голомтыг залгах галаа асааж амьдрал энд үргэлжилсээр байна.

Цагаангууд Д. Цэрэндорж
2016 он 3 сарын 16
tserendorj2016@gmail.com

6 thoughts on “СЭТГЭЛД ДОТНО ШИНЭХЭЭН НУТГААР

  1. evenkuud tiim olon tootoi gej uu, minii medeheer hyatad ulsad 36000 evenk hvn bii gedeg. orchoon bol bas evenkiin neg torol ugsaatan bvr tsoon toot vndesten dee. tungus gedeg ner bol even evenkiin orosuud nerelsen ner sh dee.. harin ih sonirholtoi sonin saihan bichjee. daraagiin temdegeleldee ter bvdvvn rinchengiin tuhai bicheerei..

    Like

Leave a comment